УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА 2



 ЗОХИОЛЫН БААТАР БҮР ӨӨРИЙН ГЭСЭН "ХЭЛ"-ЭЭР ЯРЬДАГ




Хүнийг уран зохиолд дүрслэхдээ, зохиолд тэр хүний шинж төрхөөс хамгийн голыг нь зурж үзүүлэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэр уран зохиолын дүр нь зохиолчийн амьдралаас ажигласан хүмүүсийн нэгтгэл байдаг. Бодит амьдралын үзэгдлийг нэгтгэн ийнхүү уран зохиолын дүр болгосныг хэв шинжит дүр гэнэ. Дүр бүхэн хэв шинжит дүр болж чадахгүйн дээр уг дүрийг бүтээхэд зохиолч хамаг хүч хөдөлмөр, авъяасаа зарцуулдаг. Амьдралаас олсон сод шинж чанартай хүнийг зохиолч уран санааныхаа тусламжтайгаар улам хурц тод болгож уран зохиолын хэв шинжит дүр болгодог. Зохиолч амьдралыг нарийвчлан ажиглаж, түүнийг бүр гүн гүнзгий мэдэрсний эцэст үг нэг бүрээ тунгааж, үг нэг бүрээ цэнэж дүрийг бүтээдэг ажээ.

Ийн бүтсэн дүр өөрийн гэсэн араншинтай, өөрийн гэсэн "хэл"-ээр ярьж амилдаг. За цаашилбал зохиолын баатрууд хэл ярианы төдийгүй өнгөн талын ч ялгаатай байдаг байна. Зарим нь түргэн шулганаж ярьдаг, эсвэл чанга ярьж инээдэг. Эсвэл их дотогшоо дуугүй байх нь ч бий.

Тэгвэл орчуулгад зохиолын баатруудын ярианы агуулгыг төдийгүй, ярьж буй намбыг нь хүртэл гаргах ёстой ажээ. Зохиолын баатар бүр ертөнцийг үзэх үзэл, соёлын төвшиндөө тохирсон өөрийн гэсэн "ХЭЛ"-ээр ярьдаг. Хөгшин, залуу, хүүхэд, хотын, хөдөөний, эрэгтэй, эмэгтэй гээд бүгд л дор бүрнээ өөрийн "хэл"-ээр хүүрнэлддэг. Үүнд орчуулагч тун гярхай хандаж, чухам чимхлүүр орчуулга хийх ёстой.

Баатруудын хэл ярианы дүрслэлийн үүргийг буулгах уран сайхан, үндэсний өвөрмөц байдлыг хадгалах нэг чухал нөхцөл нь аялгууны диалект элементүүдийн үүргийг тусгаж гаргаж явдал юм. Аялгууны үг хэллэг уран зохиолд хэрэглэгддэг. Тэдгээр нь зохиолд үндэстний онцлогийг гаргахад яруу хэрэгсэл болж өгдөг.Тодорхой бүлэг хүмүүс, тухайн ард түмний ахуй амьдралын, хэл ярианы болон орон нутгийн онцлогийг тусгаж, зохиолын баатруудын нийгэм, соёлын хэмжээг тодорхойлох хэрэглүүр болдог. Аялгууны үгс хоёр хэлний тольд бараг ордоггүй учраас түүнийг зөв орчуулах нь гагцхүү орчуулагчийн авьяас билгээс л шалтгаална.

Тэгвэл хэрхэн зөв орчуулах ёстой вэ?

Нутгийн аялгууг орчуулахдаа өөрийн хэлний аялгууг байнга орлуулан хэрэглэнэ гэсэн үг биш. Харин хар ярианы үгээр буулгаж болно. Гэхдээ ярины хэллэг нь тодорхой хүрээний бус нийтийн ярианы хэллэг байх ёстой. Аялгууг зөв орчуулах нь туйлын хэцүү ажил. Тэр бүр амжилттай болдоггүй ажээ.

Уран зохиолын баатар бүр амьсгаатай, тэд өөрийн гэсэн араншинтай, өөрийн гэсэн "хэл"-ээр ярьдаг. Чухамхүү тэр дүр, өөр бусад үндэстэнд чухам ямар байдлаар хүрч очих нь орчуулагч таны гарт буй аж. Орчуулагч та хэв шинжит дүрийг мөхөөх үү? амилуулах уу? Энэ нь таны мэргэжлийн чадвараас гадна үнэнч, нинжин сэтгэлийн үр дүн байх буй за.

С. Бадраа гуай хэлэхдээ: "Уран зохиолын орчуулга бол зөвхөн гар хурууны үзүүрээр хийдэг ажил бусаар үл барам үнэнч, нинжин сэтгэлийг шаарддаг" гэснийг тунгаан бодоход илүүдэхгүй биз ээ.








Сурвалж:
Д. Цэдэв, Х. Мэргэн, "Орчуулах эрдэм 3.4", УБ хот, 1984
Л. Содов, "Сэтгүүл зүй, уран зохиол бодол, эргэцүүлэл", УБ хот, 1986


Comments

Post a Comment

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН