МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ

Монгол аймгуудыг XIII зууны үеэс бичиг үсэгтэй болсон бололтой гэж үздэг. Манай үед уламжлагдаж ирсэн хамгийн эртний уран бүтээл XIII зууных болно. Иймд монголын уран зохиолын түүхийг энэ үеэс эхлэн үзнэ. Эртний уран зохиолын түүхийг судлахдаа үндсэн 3 үе болгоно.

1.      XIII зууны үеийн уран зохиол
2.      XIV -XVII зууны үеийн уран зохиол
3.      XIII-XXII зууны эхэн(1921оноос өмнөх) үе хүртэлх уран зохиол гэж хуваагддаг.

Монголын уран зохиол ардын аман зохиолын шилдэг уламжлал дээр хөгжиж ирсэн бөгөөд үүний хамтаар Монгол улс эртний Хятад, Төвд, Энэтхэг зэрэг орнуудтай соёлын харилцаатай байж тэдгээр орны уран зохиолыг орчуулж байсан нь уран зохиолын хөгжилд их нөлөө үзүүлжээ.

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

1240 онд үл мэдэгдэх хүний зохиосон нууц товчоо бол монголын эртний түүх, уран зохиол хэл бичгийн эрхэм чухал дурсгалын зүйл юм. Эн зохиолыг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс судлан шинжлэх явдал XIX зуунаас эхэлжээ. Нууц товчооны хятад үсгийн эх Европт мэдэгдсээр 100 шахам жил болжээ. Дундад улсад “Нууц товчоог” их эрт Юань улсын мөхсөний дараа Мин улсын үед олж анх 1382 онд хятад хэлэнд Ян Юань зы, Мэши Зэхэ хоёр орчуулсан тухай П. Кафаров бичсэн байдаг. Улмаар Монголын эрдэмтэн Дамдинсүрэн олдсон эх бичиг болон Зөвлөлтийн эрдэмтэн Козины орчуулгыг баримтлан одоогийн уран зохиолын хэлэнд хөрвүүлж 1947 онд хэвлүүлжээ. Энэ зохиол анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар, монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан тухай мэдээ байдаг учир шууд хятад үсгээр, монгол хэлэн дээр бичсэн байж ч болох юм. Эсвэл монгол үсгээр зохиогдсон эх нь алдагдсан байж болно.

ЧИНГИСИЙН СУРГААЛ

“Чингсийн сургаал” нь мөн XIII зууны үед гарсан зохиол. Энэ зохиолд Чингисийн сургаал үг, түүний хөвүүд, өрлөгүүдийн үг байдаг. Уг сургаалд тухайн үеийн Монголын феодалын төрийн бодлогыг тодорхой тусгажээ.

АЛТАН ОРДНЫ ҮЙСНИЙ БИЧИГ(ҮЙСЭН ДЭЭРХ БИЧИГ)

XIII зууны үед феодалын ангийн үзэл санаа, ашиг сонирхлыг хангах явцад чиглэгдсэн утга зохиол голлож байсан. Гэвч үүний зэрэгцээ жирийн ард түмний хүсэл эрмэлзлийг тусгасан зохиолууд мөн гарч байжээ Уйгар үсгээр монгол хэл дээр бичсэн ардын утга уянгын зохиолыг 1930 онд хамтралын нэг тариачин Алтан ордны улсын нутаг байсан Ижил мөрний хавийн нэг булшнаас олжээ. Энэ гар бичмэл нь XIII зууны эцэс XIV зууны эхэн үетэй холбогдох бичиг гэж үзэж байгаа юм. Уг бичиг олдсон булш нь язгууртан ноён хүний булш биш жирийн хүний булш байжээ. Үйсний бичгийн хамт ясан үзэг, хүрэл янтай хүртэл олджээ. Уг бичиг нийтдээ 25 хуудастай, түүний 19 нь хоёр талдаа, бичигтэй, 6 нь зөвхөн нүүрэн талдаа бичигтэй байжээ. Тэдгээрээс зөвхөн 6 хуудас нь монгол бичгээр, бусад нь уйгараар бичигдсэн бөгөөд нэг хуудсанд дөрвөлжийн үсгээр бичигдсэн хэдэн үг байжээ.
Та уг зохиолыг Ц. Дамдинсүрэн гуайн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршивой” номноос хуучин монгол бичгээр уншиж болно.


ЧИНГИСИЙН ӨСӨН ӨРЛӨГТЭЙ, ӨНЧИН ХҮҮГИЙН ЦЭЦЭЛСЭН ШАШТИР

Энэ нь Лувсанданзангийн зохиосон “Алтан товч” зэрэг зохиолоор уламжлан иржээ. XIII зууны үеэс уламжлагдаж ирсэн зохиолуудын гол баатар нь Чингис хаан ба түүний шатар өрлөгүүд гардаг бол энэ зохиолд түүний хамт үүдэнд байгаа өнчин хүү гол баатар болж ордог байна. Түүгээр ч барахгүй өнчин хүү гол баатар болж гардаг. Энэ зохиол нь манай ардын аман зохиолд нусгай муу бор хүү хаан болон тэнгэрийн хувилгаадтай тэмцэн ялж байгаагаар гардаг тэр чиглэлийн хэлбэртэй зохиол юм. Энэ зохиол ардын аман зохиолоос үндэслэгдэн зохиогдсон зохиол юм.

XIII-XIV ЗУУНЫ ҮЕИЙН ОРЧУУЛГЫН УРАН ЗОХИОЛ

Монгол нь эртний соёлт орны нэг байсныг тодорхой нэг баримт бол, эрт дээр үеэс соёлт орны ном зохиолуудаас орчуулж байсан явдал. Энэтхэг Түвдөөс орчуулсан зохилын дотор төрийн зохиол, сургаалын зүйлүүд бий.

СУБАШИД

Төвдийн саж бандида Гунгаажалцан гэдэг хүний зохиосон “Субашид” гэдэг зохиолыг орчуулсан. XIII зууны үед Гунгаалжалцанг Өгэдэйн хүү Гаадон, Хөх нуурт нутаглаж байхдаа залж авчирсан. Дараа нь Хувилай хаан Бээжинд залж ирүүлсэн бөгөөд тэхдээ ач хүү Пагваг дагуулж ирсэн байна. XIII зууны эхэн үед “Субашид” гэдэг шүлэглэлээ зохиосон, монголоор “Сайн номлол, эрдэнийн сан” гэдэг нэртэй орчуулжээ. Ер нь Субашидыг олон удаа орчуулж байсан. XIII зууны үед урд хушууны Дамбийжалсангийн орчуулгыг модон бараар хэвлэсэн.
Субашид гэдэг зохиол нь:

1.      Мэргэн цэцнийг, танихын аймаг
2.      Дээдээс ихсийг танихын аймаг
3.      Муу тэнэгүүдийг танихын аймаг
4.      Сайн муу, хоёрыг нийлүүлэн танихын аймаг
5.      Муу явдлыг танихын аймаг
6.      Ер юмны чухам голыг танихын аймаг
7.      Ер явах явдал үйлийг танихын аймаг
8.      Номоор явахын ёсныг танихын аймаг гэсэн ийм есөн бүлэгтэй.

“Субашид” нь аливаа явдал үйлийг үйлдэх, эрдэм ном сурахад холбогдуулж сургасан сургаалын чанартай яруу найраг. Сумади гэдэг хүн Субашидээс үндэслэн үлгэр бичжээ. Үлгэрүүд нь зохиолын гол санааг улам дэлгэрүүлж тодотгосон байдаг. Тухайлбал:

“Ашид хүний хүчээр явсан хүн
Алстаа аргагүй нэг доройтох буюу
Адилтгавал хоёр галуунд
Дамнуулсан яст мэлхий мэт
Алын дэргэд унаж хоцорсон мэлхий мэт” гэсэнтэй холбогдуулан үлгэр зохиосон байдгийг та бид мэднэ.
Манайд Субашидыг дууриалган лам Сономдагва, “Цагаан лянхуан баглаа” гэдгийг XVзууны үед зохиожээ. Мөн “Оюун түлхүүр”, “Мэргэн гэгээний сургаал”, “Цаасан шувуу” зэрэг сургаалын зохиолуудад Субашидын нөлөө бий.
            
УБАШИ ХУН ТАЙЖИЙН ТУУЖ

Убаши хун тайжийн тууж бол тод үсгээр бичигдсэн бяцхан яруу найраглал юм. Гэхдээ үнэн түүхт явдлаас үндэслэн бичжээ. XVI зууны үеийн Монголын түүхэнд Батмөнх даян хаанаас хойш Монголчууд бутран салж, ялангуяа баруун зүүн хоёр хэсэг болоод удтал хямралдсан тухай тодорхой гардаг. Баруун монголчуудыг Ойрд гэж нэрлэдэг. Батмөнх даян хааны отгон хүү, Гэрсэнз халын ноён болжээ. Гэрсэнзийн ач Автай хааны үед халх хүчирхэг болж Ойрдыг ялж Ойрд, Монгол хоёрыг хэдэн жил нэгтгэсэн. Автай хаан гуравдугаар далай лам Содномжамцтай хэдэн удаа уулзсан бөгөөд Далай ламаас авшиг авснаас гадна 1686 онд Халхны анхны сүм болох эрдэн зууг хуучин Хар Хорин хотын суурь дээр байгуулсан. Автай хаан Ойрдтой байлдаж дийлээд харьяат болгож, хүү Субагадайг Ойрдын ноён болгосон. Автай хааныг (1534-1586) нас барахад Ойрдууд Субагадайг алаад халхаас салж тусгаарлажээ. Ойрдыг дахин нэтгэхийг Даян хааны нөгөө ач Лайхар хаан, Шолой Убаши нар оролдож байсан байна. Ийнхүү Убаши Хун тайжийн ойрдтой явуулсан нэг байлдааны явдлаас үндэслэн уг туужийг зохиожээ. Туужид “Энэ дайн бол гал гахай жилд болсон” гэсэн нь 1587 он болно. Туужид гарч буй Убаши хун тайжаас гадна Ойрдын Байбагус хаан Сайн Сэрдэнги зэрэг нь цөм бодит хүмүүс болно. Харин туужид Убаши хун тайжийг 1587 онд алагдсан гэдэг нь тодорхой нотлогдсон зүйл биш.
XIV-XVII зууны үе бол Монголын дотоодод феодал ноёдын хоорондын хямрал тэмцэл үргэлжилж эв нэгдэлгүй байсан үе мөн. Иймээс туужийг зохиогч нь Монгол Ойрдын байлдааныг өрнүүлэн шатаахыг хүссэн биш, харин зогсоохыг хүсэж байсан байна. Монголын ноёдууд хоорондоо эв нэгдэлгүй байсан тул дийлэгдэж, ойрдууд хүчээ нэгтгэж тэмцсэнээр ялсныг үзүүлжээ. Зохиолд “Дөрвөн ойрд, зарааны үс, хөрөөний шүд болж, бат дөрвөлжин болж байнга цуг байдаг” гэж Ойрдын нэгдмэл хүчийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь юуны өмнө нэгдмэл хүчний давуу талыг гаргажээ. Уг туужинд Халх Монголыг доромжилж, ойрдыг магтаж бичсэн. Бусдын нутаг руу халдаж дайрсан Убаши Хун тайж ялагдаж орон нутгаа хамгаалж байлдан Ойрд ялалт хийжээ.

XVIII-XX ЗУУНЫ ҮЕИЙН СОЁЛ УРАН ЗОХИОЛЫН ХӨГЖИЛТ

Манжийн талхидлын үед Монголын ардын аман зохиол чиглэлээ өөрчилж, шинэ далайцтай хөгжиж, монгол феодал, лам нар болон тэдгээрийн манж эздийг чичин хатгасан зохиол нилээд гарчээ. Манжийн үед ардын аман зохиол “Бадарчны үлгэр” гэдэг шинэ хэлбэрээр баяжжээ. Балансэнгээ баатартай үлгэрүүд нь Бадарчны үлгэртэй ойр юм. Тэдгээрт феодал, лам нарыг эсэргүүцсэн зүйл байдаг. Худалдаачин, лам нарыг, хуурч тэвдүүлдэг, арга самбаатай сэргэлэн хурц Балансэнгээ гэж гардаг.

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД