ТАВАН ТЭРЭГ НОМ УНШИХ ЁСТОЙ ЮУ?

         Солонгос хэл сурч байгаа хүүхдүүд "남아수독오거서男兒須讀五車書" хэмээх үгийг сонсож байсан болов уу. Эрэгтэй хүүхэд багадаа л таван тэрэгтэй дүйцэх хэмжээний ном унших ёстой гэсэн утгатай үг. Ухаантай, цэцэн мэргэн нэгэн болохыг хүсвэл төдий хэмжээний номны ард гарах ёстой аж. 

          Хятадын Тан улсын алдарт яруу найрагч Дүбу-гийн шүлгэнд дээрх үг гардаг. Таван тэрэг ном унших ёстой гэдэг ёстой нэг хэтийдсэн илэрхийлэл гэлтэй. Чухам таван тэрэг ном гэвэл ойролцоогоор хэд ширхэг ном болох бол? Хоёр мянга?, таван мянга? Миний бодлоор магадгүй мянган ширхэг ном ч хүрэхгүй болов уу. Яагаад вэ гэж үү? Тухайн үед хятадад цаасан ном гэж байсангүй. Нарийн урт хулсны тайрдас дээр бичиг үсгийг сийлж, үүнийгээ хэд хэдээр багцалсан уяж ном хийдэг байжээ.
           Тийм болохоор таван тэрэг ном гэдэг яг үнэндээ мянган ширхэг номоос хэтрэхгүй байх. Тухайн үед ч ном төдийлөн зузаан байгаагүйн дээр тийм олон ном ч байгаагүй биз. Амьдралдаа мянган ном унших ёстой гэвэл танд нэг оролдоод үзмээр санагдахгүй байна гэж үү? Өнөө үед боломжтой байж мэдэх юм. Гэвч тухайн үед энэ нь үнэхээрийн хүнд хэцүү даваа байв. Одоогийнхтой адил нүдээрээ гүйлгэн ном уншдаггүй байв. Ном уншина гэдэг нь чангаар уншихын зэрэгцээ, уншсан агуулгаа бүрэн өөрийн болгохыг хэлдэг байв. Агуулгын хувьд ч хөнгөн номнууд байсангүй, бүгд л түүхийн баримт тэмдэглэл, философийн агуулга бүхий номнууд байдаг байв. 
        Энэ агуулгыг түр орхиод нэг зүйлийг сануулахад: Ном гэх ханзны бичлэгийг нэг хараарай.(冊)-хэлбэрийг нь харвал хулс моднуудыг хооронд нь холбосон мэт хэлбэртэй байгаа биз? Тэгэхээр энэ ханз үсгийг зохиогдоход бүх ном хулсан дээр юмуу модны тайрдас дээр сийлэгдсэн хэлбэртэй байдаг байсан гэсэн үг. Эртний уран зохиол (고전古典), хуулийн эмхтгэл (법전法典)гэсэн үгний Жонь(典) гэсэн ханзанд ч гэсэн ном гэсэн утга орсон байдаг. Гэхдээ энэхүү жонь гэх илэрхийлэл нь маш ховор, нандин номыг заан илэрхийлсэн утга юм. Жонь(典) гэсэн ханзны хэлбэрийг нь нэг хараарай. Ширээн дээр ном дэлгэж тавьсан мэт байгаа биз?. Тэгэхээр жонь гэдэг бол номны дээд охь болсон номыг хэлэх аж. Мөн ширээн дээр дэлгэн тавьж сайтар уншин судлах ёстой гэсэн утгыг илэрхийлж байна. Түүхийн номыг (청사靑史)гэж хэлдэг. Энэ нь мөн адил ногоон хулсыг тайран үсэг сийлж бичсэнээс үүдэлтэй хэллэг. Ханз нэг бүрийн хэлбэр дүрсийг сайтар судалбал тухайн үеийн соёл, заншлыг олж харж болно. Буцаад сэдэв рүүгээ орцгооё. Хулс модны тайрдасыг ихэвчлэн олс уяагаар холбодог байжээ. Харин ховор нандин номыг сураар холбодог байв. Алдарт Кунз "хулсан ном"-ийн сурыг гурвантаа тасартал нь уншсан гэдэг. Сур тасартал уншсан гэхээр хэчнээн их давтан уншсан байх вэ? Гайхамшигтай хэрэг. Тухайн үед хулсан ном хэмжээний хувьд том байсан тул хадгалах, тээвэрлэх гэдэг үнэхээр хэцүү асуудал байжээ. Хятадын Цинь гүрний эзэн хаантай холбоотой нэг ийм яриа байдаг. Тэрээр улс гүрнээ нэгтгэн эзэн хаанаар суухдаа нэгэн аймшигт хэргийг үйлдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл (분서갱유焚書坑儒) гэх аймшигт хэргийг гүйцэтгэжээ. (분서焚書) гэдэг нь энэ дэлхий дээрх бүх номыг шатаах гэсэн утгыг, харин (갱유坑儒) нь ном сурах хэн бүхнийг газар булан алах гэсэн утгыг илэрхийлнэ. Хүмүүс мэдлэг тэлж, нэг хоёр үг цухуйлгах болсонд магадгүй эзэн хаан их дургүйцсэн байх. Эзэн хааны зааврыг дагахгүй, зөв бурууг шүүн шүүмжлэх нь түүнд таалагдаагүй биз. 분(焚) гэх ханзыг харвал, ой мод гэсэн ханзны дор гал гэсэн утга бүхий ханз байна. өөрөөр хэлбэл ой модыг галдах болно. Ийм байдлаар тухайн ханзны хэлбэр дүрсийг сайтар ажиглаж чадвар утгыг нь тааварлан тайлж болдог. Эзэн хаан ч энэхүү аймшигт хэргийг үйлдсэн гэдэг. Бүх номыг шатааж, бичиг үсэг сурах хүмүүсийг газарт булж, түүхэндээ түрэмгий харгис эзэн хаан хэмээн цоллогдох болжээ. Удалгүй Цинь гүрэн ч мөхөж, эзэн хаан ч өөд болжээ. Хэзээ хойно Кунзийн гэрийг засварлах үед түүний гэрийн ханан дундаас хулсан номнуудыг олсон байдаг. Кунзийн сургаалын үндсэн ном болох дөрвөн ном гурван судар олдсон гэдэг. Ном шатааж, хүн амьтан газарт булах үед хэн нэгэн нь самбаачилж номнуудыг хананд нуусан хэрэг. Харамсалтай нь он удаан жил өнгөрсөн болохоор номны сур тасарч, дараалал нь мэдэгдэхгүй болсон байж. Гэвч Хань улсын эрдэмтэдийн ачаар эдгээр судар бичгүүд өнөөдөр бидний гарт ирж чаджээ. Номыг эвлүүлэн цэгцлэх ажил мэдээж тийм амар байгаагүй биз. Сийлсэн үсэг нь баларсан учраас дэс дарааллыг нь олох, утгыг нь сэргээх амаргүй ажил байсан нь гарцаагүй. Энэ нь хожмоо тухайн ханзны үндсэн утгыг авч хэлэлцэх, хулсан номны дарааллыг тодорхойлж, тухайн үеийн ёс заншлыг судлах шинжлэх ухааны суурийг тавьж өгчээ. Сонирхолтой биш байна гэж үү? Хулсан ном судлах шинжлэх ухаан хүртэл байдаг гэхээр? Тэгэхээр тухайн үед таван тэрэг ном уншина гэдэг ямар учиртай зүйл байсныг та ойлгосон болов уу. Өнөө цагт цаасан ном уншихаас залхуурч суугаа юм биш биз? Та мянган ном унших төлөвлөгөөгөө гаргахгүй гэж үү? Үгүй ер нь ядаж зууг унших гэж оролдох ёстой юм шиг. Оролдоод үзэх хэрэг биш гэж үү? Таныг номын цагаан буян ивээг.

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН