СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Солонгосын ардын аман зохиол (구비문학), Нанхиадын уран зохиол (한문학), Солонгос бичиг үсгийн уран зохиол (국문문학)-ын хоорондын уялдаа холбоо нь цаг үеэ даган хөгжиж байв. Үүн дээр үндэслэн Солонгосын уран зохиолын түүхэн замналыг ангилан авч үзэж болно. Хэрхэн ангилан авч үзэх талаар олон эрдэмтэд дор бүрнээ нэгийг хэлсээр ирсэн байдаг. Ардын аман зохиол, нанхиадын уран зохиол, солонгос бичиг үсгийн уран зохиол гэж хувааж үзвэл, дараахи байдлаар цаг үеийг нь тодорхойлж болох юм. Ардын аман зохиолын үеийг эртний уран зохиолд хамруулна. 
     Манай эринээс 5-р зуун хүртэл нанхиад бичиг, нанхиадын уран зохиол бүрдэлээ олж эртний үеэс дунд үе рүү шилжсэн байна. Дундад зуун бол нанхиадын уран зохиолын эрин үе байв. Нанхиадын уран зохиол нь солонгос бичиг үсгийн уран зохиолтой хамт оршин тогтнож байв. Анхандаа ханз үсгийг ашиглан "Хянчал (향찰)", хожмоо солонгос цагаан толгой (훈민정음)-г зохиох болсноор солонгос бичиг үсгийн уран зохиол хөгжлийн шатанд оржээ. 17-р зуунаас хойш солонгос бичиг үсгийн уран зохиол өргөн хүрээг хамрах болсноор нанхиадын уран зохиолтой эн тэнцэх хэмжээнд хүрч очсоноор дунд үеэс шинэ үе, орчин үе рүү шилжээ. Нанхиадын уран зохиол үеэ өнгөрөөж солонгос бичиг үсгийн уран зохиол хүрээгээ тэлсэн үе бол шинэ үеийн уран зохиолын эрин үе юм. 1894 оны хөх бичин жилийн шинэчлэлтээр орогсдын шалгалтын тогтолцоог халж, солонгос бичиг үсгийг нийтийн бичиг үсэг болгосон нь орчин үеийн уран зохиол хөгжих боломжийг тавьж өгчээ. Нанхиад бичиг үсгийг халж, солонгос бичиг үсэгтэй болсноор хэл, бичиг нь хоорондоо тохирж, шинэ үеийн уран зохиол хөгжих үндэс болжээ. 
      Солонгосын уран зохиолын түүхэн замналыг мөн төрөл жанр дээр үндэслэн ангилж болно. Ардын аман зохиолын үе болох эртний уран зохиолын үед төр улсаа төвхнүүлсэн баатарыг магтан дуулсан тууль (건국서사시) чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тууль (서사시) нь өнөө үед уламжлагдаж ирээгүй ч туулиас улбаалсан төр улсаа төвхнүүлсэн агуулга бүхий домог үлгэр (건국신화)-үүд нанхиад бичиг үсгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Төрийн засал хийн, баатрын яруу алдар, тэмцлийг магтан дуулах нь бөөгийн тууль (서사무가) болон уламжлагдаж байна. Бөөгийн тууль болоод төр улсаа төвхнүүлсэн агуулга бүхий домог үлгэрийн хэв шинжээс тухайн үеийн туулийн хэв шинжийг тодорхойлж болох юм. Нанхиад уран зохиол гарч ирэх болсноор туулийг орлон уянгын яруу найраг (서정시) газар авах болов. Нанхиад уран зохиолын сор гэж хэлж болох нанхиадын яруу найраг нь уянгын яруу найраг бөгөөд солонгос бичиг үсгийн уран зохиолд уянгын яруу найраг нь чухал байр суурь эзэлж байв. Хянга (향가) шүлэгт дуу нь ардын дуу (민요)-ны хэмнэл дээр үндэслэн нанхиадын яруу найргийн бүтээврээс өөр аргачлалтай зохиогдсон ба гүн гүнзгий сэтгэлгээ, утга санааг шингээсэн нэг төрлийн уянгын яруу найраг болон хөгжсөн юм. Удалгүй Хянга шүлэгт дуулалыг орлон Шижо яруу найргийн төрөл зүйл гарч ирсэнээр солонгосын уран зохиолын жанрт хувьсал хийжээ. Хянга шүлэгт дуулалын үед уянгын яруу найраг мандан бадарч байсан бол Шижо (시조) яруу найраг нь Каса (가사) шүлгийн төрөлтэй хамт оршин тогтнов. Гэхдээ Шижо нь уянгын яруу найраг бол Каса яруу найраг нь аливаа юмс үзэгдлийг обьектив байдлаар дүрсэлж тайлбарласан (교술) байдаг. Каса яруу найргаас гадна Кёнгичэга (경기체가), Агжан (악장) ч гэсэн энэ төрөлд хамаарна. Өөрөөр хэлбэл солонгос хэлний цагаан толгой зохиогдож олны хүртээл болсноор урт хэлбэрийн обьектив дүрслэл тайлбар бүхий яруу найраг нь бичгийн уран зохиолд орж иржээ. Солонгос бичиг үсгийн уран зохиол нанхиадын уран зохиолыг халж, хөгжиж эхэлснээр дундад үеэс орчин үе рүү шилжиж, улмаар өгүүлэг романы төрөл зүйл (소설) гарч ирэх болов. Энэ үед өгүүллэг роман, үргэлжилсэн үгийн зохиол нь нанхиад бичиг үсгээр, солонгос бичиг үсгээр ч зохиогдож байв. Солонгос бичиг үсгийн үргэлжилсэн үгийн зохиол газар авах болсноор солонгос бичиг үсгийн уран зохиолын хүрээ тэлж, улмаар бүтээлийн тоо, агуулга хэмжээ ч ихсэх болжээ. Уянгын төрөл зүйлд өөрөөр хэлбэл Шижо яруу найрагт үргэлжилсэн урт хэлбэрийн Шижо, Каса яруу найрагт ч мөн ялгаагүй амьдралын бодит төрх байдлыг нарийн тодорхойгоор тусгасан урт шүлгүүд зохиогдох болжээ. Энэ үед ардын аман зохиол ч гэсэн өөрийн өнгө аясаа дэлгэж, шинэ төрөл зүйл үүсч байв. Ардын дуу, үлгэр домог (설화) их хэмжээгээр яригдаж зохиогдох болов. Бөөгийн дуулал дээр үндэслэн Пансури (판소리) дуулалт жүжиг гарч ирэв. Пансури дуулалт жүжиг нь баатарлаг туульс (영웅서사시)-ыг энгийн хүний дуулал (범인서사시) болгон өөрчилж, сургамж егөөдөл хослуулсан нийлэмжээр тухайн үеийн нийгмийн маргааныг тусган харуулсан нь олны хайр хүндлэлийг ихээр татжээ. Үүний хажуугаар тариачдын цамт бүжиг (농촌탈춤)нийгмийг шүүмжилсэн өнгө аясаар хүрээгээ тэлэв. Орчин үеийн уран зохиолын эрин үед гарсан хамгийн том өөрчлөлт бол обьектив дүрслэл (교술) халагдаж, уг ангилалаас эссэ (수필) л уран зохиолын төрөлд үлдэв.
 Сурвалж: 조동일 외 6인 공저, "한국문학강의", 길벗, 2009

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН